УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын дүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан мэдээлэл гараад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад,
-Дүүгээ дуудаж асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт Европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 орчим мянган долларын зээл авсан. Энэ асуудалтай холбоотой дуудаж уулзаад ер нь ах нь дэмжье гэж хэлсэн.
Та нар нэг юмыг анзаараарай. ЖДҮ-г тойроод хөөрцөглөөд байна. Энэ явсаар байгаад Засгийн газрыг унагах хэмжээнд хүрч байна. Засгийн газар унаад хэдийг алдах юм, ЖДҮ нь хэд юм гэдэг чинь нэг асуулт. Идэж, уусан өчнөөн асуудал яригддаг. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй, алдагдал яриад байх юм биш. Монгол Улсын эдийн засаг дэндүү жижиг байна. Нэг хятад хүн ирээд 1.3 тэрбум доллар оруулж ирээд донсолгож байна шүү дээ. Энэ аймаар том асуудал.
Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Нэмээд хоёр тэрбумыг хүүгүй зээлнэ. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа.
Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй хүнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна." гэлээ.