Газрын үр шимээ хүртэж байгаа ч, БОДЛОГЫН үр шимийг хүртэж чадахгүй байна

Газрын үр шимээ хүртэж байгаа ч, БОДЛОГЫН үр шимийг хүртэж чадахгүй байна


6 жил

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл  аймаг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй охид, эмэгтэйчүүдийг сонсч, тулгамдаж буй бэрхшээл, санал, бодлыг нь   бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэх нь “Сэтгэлийн хүч” аяны зорилго юм.

Дундговь аймагт болсон уулзалтад тус аймгийн 15 сумын эмэгтэйчүүд оролцож, санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ “Кашмер далай” цехийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ. Говь нутгийн хөдөлмөрч бүсгүйчүүдийн хамтран байгуулсан тус цех 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг байна. Харин Өмнөговь аймагт  уул уурхайг дагасан бүтээн байгуулалт өрнөж байгаа ч эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа аж. Учир нь уул уурхайд эрчүүд ихэвчлэн ажилладаг бөгөөд мал аж ахуйгаас өөр өрхийн амжиргааг дэмжих эх үүсвэргүй байгааг Өмнийн говийн эмэгтэйчүүд хэлж байна.

АЭХ-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид говийн аймгуудад ажилласны дараа нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт уулзалтаа үргэлжлүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнээр “Тэсо”  корпорацийн  ТУЗ-ийн гишүүн, нийслэлийн болон дүүргийн намын хорооны гишүүн  О.Наранбат сонгогдсон бол Чингэлтэй дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Н.Ундрах сонгогдов. Сонгинохайрхан нь нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг төдийгүй тэр хэрээр ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байгааг эмэгтэйчүүд хэлж байна. Тус дүүргийн АЭХ 1000 гаруй гишүүнтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд аж. Тиймээс ч эмэгтэйчүүдээ ажилтай, орлоготой болгох үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах дорвитой бодлого хэрэгжүүлж ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон О.Наранбат онцоллоо.

Монгол Улс  Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуультай болсон. Гэвч хууль хэрэгжихгүй, эрх баригчид хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр сэтгэлгүй ажиллаж байгааг Дархан хотын бүсгүйчүүд хэлж байна. Харин Сэлэнгэ аймгийн бүсгүйчүүд газрынхаа үр шимийг хүртэж байгаа ч, төрийн бодлогын үр шимийг хүртэж чадахгүй байна гэлээ. Сэлэнгэ аймгийн 17 сумын төлөөлөл болсон эмэгтэйчүүд жижиг, дунд үйлдвэрлэл болон газар тариаланг бодлогоор дэмжихийг хүсч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Хэдийгээр эрх баригчид хэлж эдийн засгийн өсөлтийн талаар ярьж буй ч орон нутагт бүтээн байгуулалт огт хийгдэхгүй, ажилгүйдэл, ядуурлын түвшин улам бүр нэмэгдэж байгааг эмэгтэйчүүд хэлж байна. Түүнчлэн бодлого боловсруулагчид уул уурхай зэрэг хэт ерөнхий асуудлын араас хөөцөлдөж, нийгмийн тулгуур багана болсон эрүүл мэнд, боловсролын салбарыг орхигдуулж байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Ялангуяа сумдад сувилагч, бага ангийн багш тогтвортой ажиллахгүй байгаа нь цалин хөлс багатай, ажлын орчин хүнд байгаатай холбоотой гэв. Бүхэлдээ уналтад орсон эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарал хандуулахгүй бол мянган уул уурхайн компани байгаад ч бидний хүсч буй  нийгмийг цогцлоож чадахгүйг ээжүүд, эмэгтэйчүүд анхааруулж байна. Өөрсдийгөө хамгаалах чадваргүй, нийгмийн эмзэг бүлэг рүү хууль зөрчигчид халдаж буй. Үүний эсрэг Ардчилсан эмэгтэйчүүд нэгдэн ажиллаж байна. Ардчилсан эмэгтэйчүүд ирэх өдрүүдэд нийслэлд ажиллана.

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү