УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.
“Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байгаа нөхцөлд Монгол Улсын 2019 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна.
Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.
Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ. Үүнд, УИХ-ын гишүүд өөрсдөө шүүмжлэлтэй хандаж байгаад олзуурхаж байна. Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмүүлж байна. УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна. Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна.
Олон жилийн туршлагаас харахад сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон. Эрхэм гишүүд Та бүхэн асуудалд эрүүл ухаанаар хандаж төсвийг айсуй санхүүгийн хямралд улсынхаа эдийн засгийг бага өртүүлэх, тэсэж үлдэх тал руу хандуулбал зохистой байна. Тойрогтоо барилгын суурь цутгасан эсэхээр чинь бус улс орны тогтвортой ирээдүйд хандсан, иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаар чинь л иргэд та бүгдийг дүгнэнэ.
Товчхондоо 2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл: Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл.
Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна.
Юуны өмнө эдийн засаг сайжрах замдаа орсон гэж дүгнээд, их зардал төсөвлөөд байгааг шүүмжилье.
Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй, инфляци өссөн, төгрөгийн ханш эрс суларсан байдалтай байна. Харьцуулахад, инфляци 2015 оны эцэст 1,9 хувьтай байсан бол өнөөдөр он дуусаагүй байхад 8,8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 6 дугаар сард 1950 байсан бол өнөөдөр 2552 болж 602 төгрөгөөр суларсан байна. Энэ юуг хэлж байна гэхээр Засгийн газар, Монгол банк инфляци, төгрөгийн ханш хоёрыг тогтвортой барих үүргээ биелүүлээгүйгээс өнөөдөр бараа үйлчилгээний үнэ өссөнөөс монгол хүн бүрийн орлого алдагдаж, нийгмийн ачааг голлон нугалдаг дунд давхаргыг үгүй хийж байна. Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна.
Дараагийн хэлэх зүйл бол өр! Хоёрхон жилийн өмнө одоогийн эрх барьж байгаа МАН өрөөр айлган байж 2016 оны сонгуулиар Засгийн эрх авсан. Сүүлийн 2 жил нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол одоо 21.1 их наяд төгрөгт хүрсэн. Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид “Мазаалай” бонд 500 сая ам.доллар, “Хуралдай” бонд 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондоор 800 сая ам.доллар зээлчихээд байна. Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй байна.
2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ. Энэ нь түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцахаар байгаа. Дээр нь дэлхийн эдийн засаг урьд хожид үзэгдээгүй том хямралтай нүүр тулж магадгүй. Энэ бүх эрсдэл давхацвал юу болохыг төсөөлөхөд ч хэцүү юм. Засгийн газар одоо сонгуулийг март. Айсуй эрсдэлт нөхцөлийг даван туулахад л илүү анхаарах цаг ирлээ.
Жил болгон төсвийг алдагдалтай баталсаар байгаагаас Засгийн газрын өр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. 2017 оны төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөг, 2018 оны төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг болж, ирэх жилийн төсвийн алдагдлыг 1,9 их наяд байхаар төлөвлөснөөр Засгийн газрын өрийг 7 их наяд төгрөгт хүргэж байгаа нь том эрсдэл боллоо. Алдагдал бол шууд өр юм. Энэ жил Засгийн газрын өрийг нэлээд хэмжээгээр багасгасан гэж байгаа нь дотоод өрийг Монгол банк руу шилжүүлэн тооцож байгаа аргачлалтай л холбоотой. Ингэснээр өөр нэг эрсдэл үүссэн нь Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэсч буй явдал юм.
2016 оны 6 дугаар сарын байдлаар Монгол банк 430 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нь 4 их наяд 276 тэрбум төгрөг байгаагаас дотоод өр ямар их хэмжээгээр өссөн болохыг харцгааж байгаа байх.
2019 оны төсөвт хууль зөрчсөн зүйл заалтууд их оржээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа. Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл. Ялангуяа, Төсвийн тухай хуулийг зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсөв батлагдах ёстой.
Төсвийн орлогын төсөөлөл дээр хэлэх шүүмжүүд.
Үндэсний аудитын газраас төсвийн орлогыг биелэхээргүй, хийсвэр төсөөлөл учраас орлогын бүрдэл нь хамгийн том эрсдэл болно гэж үзсэн нь зөв.
Эдийн засаг бүхэлдээ өсөөгүй, зөвхөн түүхий эдийн экспорт, үүнээс нүүрсний үнийн дүн, биет хэмжээ л өссөн байхад Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 2019 онд 8 хувь байхаар тун өөдрөг төсөөлжээ. Ингэх нь 2009-2012 онд Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед гарч байсан олоогүй орлогоо урьдчилж зээлээд сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараасан алдааг давтах, эдийн засгаа гүн хямраах эрсдэл үүсгэж байгааг та бүхэн анхааралдаа авах ёстой. Түүхий эдийн мөчлөгөөс хамааралтай орлогыг өндрөөр төсөөлөх нь ямар балаг авчирдгийг саяхны туршлага харуулсан гэж ойлгож байгаа. Ийм амархан мартах юм уу?
Төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлого 2 их наяд 445,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ, үүний 1,3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас орохоор тооцсон нь нийт нэмэгдэх орлогын 53,1 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл хамгийн баталгаагүй орлогоор төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэхээр тооцож байгаа нь төсөвт асар том цоорхой гаргаж мэдэх эрсдэл мөн.
Сангийн яам батлагдаагүй байгаа Татварын багц хуулийг батлуулснаар орлого нэмэгдэнэ гэх хэрнээ төсвийн орлого яг хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэхийг тодорхой заасангүй. Улсын төсвийг зөвхөн батлагдсан, үйлчилж байгаа хуулийн хүрээнд хийх хуультайг дахин сануулъя. Ийм цээжний тооцоонд тулгуурласан орлого ахиад л төсвийн хомсдолд хүргэх эрсдэлтэй. Эдийн засаг хоосон төсөөллөөр бус бодит орлогоор л хэмжигдэнэ.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 2019 онд 1.85 их наяд төгрөг болж өмнөх жилээс 22,6 хувиар өсгөхөөр тооцжээ. Энэ нь нийт татварын орлогын 12,7 хувь болж байна. Орлогоо ийм хэмжээгээр чөлөөлчихсөний дараа татварын орлого биелэх үү?
Төсвийн орлогын бүрдүүлэлт нь тунхаглалын шинж чанартай, биелэхээргүй тэр утгаараа эрсдэл авчрахаар болжээ гэж дүгнэж байна. Үүнийг бодитой болгох, айсуй хямралд эрсдэл багатай өртөхөөр тооцож ахин боловсруулахыг шаардаж байна.
Төсвийн зарлага, тойргийн хөрөнгө оруулалтын тухайд
Ганц гэгээтэй зүйл гарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Нэр бүхий гишүүдийн зүгээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилж, өргөн барьсан. Тогтоолын төсөлд тусгаснаар “Хүүхдийн мөнгийг” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх юм байна. Энэ бол монгол төрийн хүн амаа өсгөх уламжлалт бодлого, сайн туршлага юм. Хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгө олгож байх үед 10 орчим хувь нь авдаггүй байсан гэх судалгаанд үндэслэвэл тогтоол батлагдсанаар нийт хүүхдүүдийн 90 хувь нь хамрагдах боломжтой болно.
Төсвийн байгууллагуудын урсгал зардлын төлөвлөлтөд ч нарийн тооцоолоогүй, үрэлгэн зардал ихээхэн байгааг анхаармаар байна. УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын орон тоо зардлыг 10 хувиар буюу 546,4 сая төгрөгөөр бууруулж байгаагаа дурдаад “…Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна…” гэсэн. Үүнийг 2018 оны батлагдсан төсвийн урсгал зардал 7 их наяд 455,8 тэрбум төгрөгөөс тооцож 10 хувийн хэмнэлт гаргавал 745 тэрбум төгрөгийг хэмнэж болохоор байна. Үүнийг 2019 оны төсвийн байгууллагуудын зардал 8 их наяд 230 тэрбум төгрөгөөс хасахад 1,5 их наядын төсөв хэмнэгдэхээр байна. Ингэхдээ 2019 онд нэмэхээр төлөвлөсөн төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хэвээр үлдээх хэрэгтэй.
УИХ-ын даргын 10 хувь хэмнэлтийн саналыг дэмжихийн зэрэгцээ дарга нарын армиас 15 хувь цомхотгол хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байна. Энд бүх шатны төрийн захиргааны байгууллага, дэд сайд, орлогч нар, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хамааруулж болно. Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн албан хаагчдын тоо 120-130 мянга байсан бол өнөөдөр 180 мянга хол давсан.
УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин тэтгэврийн нэмэлтийг хасаад бараг 1 их наяд, зураг төсөвгүй объектыг төсвийн төслөөс хассанаар бараг 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна. Энэ их хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжих зээлийн сан байгуулах тодорхой саналыг миний бие хэлэлцүүлэгт оруулж байна. 160 мянган ажилсаг малчин өрхийн гараар жил болгон “ургадаг” (ухдаг биш) мал аж ахуйн гаралтай баялагаа боловсруулж экспортлох үйлдвэрүүд барихад зориулж ирэх 2 жилийн төсвөөс тус бүр 500 сая ам.доллар хэмнэхэд 1 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрэлдэнэ. Олон жил яриад хийж чадахгүй байгаа үндэснийхээ хөдөө, аж ахуйн гаралтай экспортын үйлдвэрүүдээ дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлээ шийдье гэсэн санал тавьж байна.
2019 онд нэгдсэн төсвөөр 2 их наяд төгрөгөөр шилжих барилга, шинээр эхлэх 570 барилгыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 959 тэрбум төгрөгөөр буюу бараг 100 хувь өсчээ. Энэ олон дарга нарын контор болон бусад барилгыг үнэхээр шаардлагатай бол хувийн хэвшлээс олон жилээр тогтвортой түрээсэлье. Түрээслэх нь ашигтай болох ганцхан жишээ дурдъя. Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газрын барилга барих ажил олон жилээр сунжирч төсөв нь өссөөр байгаад 6 тэрбум 541 сая төгрөгөөр дуусаж ашиглалтанд орох гэж байна. Өнөөдөр жилдээ 20 сая төгрөгөөр конторын байшин түрээсэлдэг. 327 жилийн түрээсийн мөнгөөрөө байшин барьдагаа энэ УИХ, энэ төсвөөсөө эхэлж цэг тавьцгаая.
2019 онд төсөв нь нэмэгдээгүй байгууллага бараг үлдсэнгүй. Авдаг төсөв цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага байна. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, 60 тэрбумын хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна. Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй байна, татвар төлөхгүй байна, орж ирэхээрээ авлигын эх үүсвэр болоод байна аа гээд тодорхой жишээнүүд байсаар байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу? гэдэг асуулт УИХ-ын гишүүд Та бүхэнд төрж байгаа байх.
Орлогоо бодитоор төсөөлж, зарлагаа аль болох хэмнэх чиглэл рүү хандуулахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Олон улсын валютын сангаас “Санхүүгийн нөөцтэй байх хэрэгтэй. Элдэв хямрал, салхи шуурганд ганхахааргүй санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн сууриа хадгалах нь чухал” гэж сануулсаар байгааг төсвийг боловсруулахдаа тооцох, тусгах талаар санаачилгатай ажиллаач хэмээн Сангийн яамны албан тушаалтнуудаас, Сангийн сайдаас хүсэж, шаардах байна.
Миний бие саяхан Монгол Улсад тогтолцооны реформ, эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг сануулж, Та бүхнийг үүнд уриалан дуудсан билээ. 2019 оны төсвийн төслийг бүхэлд нь харахад эрс шинэчлэл зайлшгүй, гарцаагүй шаардлага болон тулгарч байгааг ахин харж байна. Энэхүү шинэчлэлийг хийх эрмэлзэл байгаа эсэх, бид эрс шинэчлэлийг хэрэгжүүлж чадах эсэхээс Монгол Улсын ирээдүй хамаарах тийм эгзэгтэй цаг мөч тулгаран иржээ. Харамсалтай нь, Засгийн газрын өргөн барьсан төсвөөс шинэчлэлийн үнэр, эрмэлзэл харагдахгүй байна.
Энэ мэтээр төсвийг хэмнэх, хэмнэсэн төсвөөсөө зайлшгүй шаардлагатай зарим арга хэмжээг санхүүжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хүүхэд хамгаалалтай холбоотой зардлыг хэмнэж огт болохгүй. Хүүхдийг хүчирхийлэх хэрэг хэрээс хэтэрч байна. Улсын хэмжээнд сүүлийн 3 жилд насанд хүрээгүй 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4553 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн нэг албан хаагчид 17138 хүүхэд ногдож байна. Зам тээврийн ослоор жилд 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 650-700 хүн нас барж байна. Өдөр бүхэн 4-6 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Харин нэг замын цагдаагийн хариуцах ёстой тээврийн хэрэгсэл байх ёстой нормоос дор хаяж 20 дахин өндөр байна. Гуравхан сая хүнтэй улсад аюулын харанга дэлдсэн ийм мэдээнүүд тогтмол мэдээлэгдсээр атал эдгээрийг шийдвэрлэх хөрөнгө төсөвт хангалттай суугаагүй байна.
Эрхэм гишүүд ээ, та бүхнийг 2019 оны төсвийн төслийг ахин нягталж хараад, намчирхсан, улс төржсөн, үр ашиггүй зардлуудаасаа зоригтойгоор татгалзах, орлогыг хийсвэрлэн өндрөөр төсөөлсний хийг гаргахад анхаарахыг хүсэж байна. Ирэх жилийн төсөв бодитой хийгдэж, батлагдахгүй бол маш хүнд сорилттой тулгарахыг би биш дэлхийн шилдэг шинжээчид анхааруулсаар байгааг битгий мартаач. Ирж буй хямралын учрыг олоход хүнд байх болно. Урьдчилан таамаглах аргагүй, огцом өөрчлөлтүүд авчирна гэж мэргэжилтнүүд сануулсаар байгааг тоохгүй орхиж боломгүй байна.
Хямралд хохирол багатай өртөхийн тулд нөөцтэй, хуримтлалтай байж, хөрөнгө оруулалтын шинэ, ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг дэлхий нийт зөвлөж байна. Тийм учраас ирэх жилийн төсөвт үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, шинэчлэл хийсэн, бодитой байдлаар хандахыг та бүхэнд дахин уриалъя.
Тогтолцоогоо эрүүлжүүлэхгүйгээр төсвийн бодлого ч эрүүлжихгүй болохыг болж буй үйл явдлууд улам бүр тод харуулсаар байгаад анхаарлаа хандуулахыг хүсье. Сүүлийн жилүүдэд баталсан төсвөө бараг жил бүр тодотгож, ингэхдээ төсвийн орлого батлагдсан түвшингээс 1,2 их наядаар тасарч зардал нь 1,3 их наядаар хэтэрч байсан судалгаа байна. Ингэж хариуцлагагүй төсвийн тодотгол хийдгээ болих хэрэгтэй.
УИХ-аас Засгийн газрын нэгэн жилийн үйл ажиллагааг хянах гол үүргээ биелүүлж худалдагдахгүй байхыг, улс орны нийтлэг эрх ашгийг урьтал болгож хариуцлагатай ажиллахыг сануулж, уриалж байна. Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно.
Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна. Өнөө орой 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэв.