УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь үдийн цайг, үдийн хоол болгох агуулгатай юм. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг сурагчийн үдийн цайнд 600 төгрөг зарцуулдаг. Гэвч энэ мөнгө бүгд үдийн цай болж хүүхүүдэд очдоггүй байна. Учир нь, сургуулиуд үдийн цайныхаа үлдвэрлэлд төсвийнхөө нэг хэсгийг нь зарцуулдаг ажээ.
Харин одоо уг хууль батлагдсанаар энэ мөнгийг бүхэлд нь хүүхдийн хоолонд зарцуулах юм байна. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.