УИХ дахь АН-ын бүлэг ээжлит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж байна. Тус намын бүлэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг бүлгийнхээ хуралд оролцуулж 2019 оны төсвийн төслийн талаар мэдээлэл сонссон юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ирэх жилийн төсөвт суух ёстой байсан олон асуудал төсвийн төслийн гадна үлдсэн байна.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжихээ тусгаагүй. Урсгал зардал 10 хувиар бууруулна гэж байсан боловч эсрэгээрээ нэмэгдсэн байдалтай төсөв орж ирлээ. Хөрөнгө оруулалтыг маш их нэмэгдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр импортын хэмжээ өсч төгрөгийн ханш унах эрсдэлтэй. Сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ханш 22 төгрөгөөр суларч, шатахууны үнэ дундажаар 65 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ бүхэн нь иргэдийн амьдралд дарамт болж байна” гэв.
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа дотоод асуудал болон орон нутагт явагдсан нөхөн сонгуулиудын талаар мэдээлэл хийлээ.