УИХ-ын чуулганы өчигдрийн /2018.10.04/ нэгдсэн хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр улс төрийн хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин энэхүү асуудалд УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Уг нь, бодитоор бол хариуцлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүлээх ёстой. Тэр хүн өөрөө хэлсэн шүү дээ. Ёс зүйн хариуцлагыг анх удаа үүрч байна гэж. Тэгсэн хэрнээ өөрөө хариуцлагаа хүлээгээгүй. Анхдагч гэхээрээ л Булган аймгаас сонгогдсон хүн хариуцлага үүрч байгаа юм уу, хаашаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга улс төрийн хариуцлагаа хүлээх ёстой шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлсэн.