Ерөнхийлөгч Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхийлөгч Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа


6 жил

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

1999 онд байгуулагдсан Азербайжаны Улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг сангийн Гүйцэтгэх захирал Шахмар Мовсумов хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Ноён Шахмар Мовсумовын танилцуулснаар сан нь байгалийн баялгаас олсон орлогыг уг санд төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг байна. Мөн тэрбээр “…Монгол Улс асар их байгалийн баялагтай учраас энэ төрлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай…” хэмээн зөвлөөд үйл ажиллагааныхаа туршлагыг хуваалцах бүрэн боломжтой гэсэн юм.

Мөн тус улс “Зууны” гэж нэрлэгдэх гэрээг амжилттай хийснээр байгалийн баялаг олборлогч болоод хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа цэвэр ашгаас 25 хувийн, Засгийн газар 75 хувийн орлого авдаг тогтолцоог бүрдүүлжээ.

Сангийн талаар товч танилцуулбал:

Энэ сангийн хөрөнгө 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 37.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Сангийн орлогын эх үүсвэр:

– Азербайжаны нефть, газрын тосны борлуулалтын орлого (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Нэмэгдэл орлого /Бонус/ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Жил бүрийн ногдол ашиг (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Хөрөнгө оруулагчдаас авах байгалийн хийн олборлолт явуулсны газрын төлбөр

– Газрын тос болон байгалийн хийн тээвэрлэлтээс олсон орлого

– Сангийн хөрөнгийг зарж борлуулсантай холбоотой олсон орлого

– Хандив

– Хуулийн дагуу төвлөрсөн бусад орлого

Санхүүжүүлж буй төслүүд:

– Баку-Тбилис-Жейхан чиглэлийн газрын тосны хоолойн төслийн Азербайжаны талын хувийг эзэмшигч, гүйцэтгэгч /төсөл хэрэгжсэн/

– Армен, Азербайжаны мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэсэн хүмүүст нийгмийн дэмжлэг үзүүлэх, тэднийг орон сууцаар хангах

– Огуз-Кабала-Баку чиглэлийн усны шугамын төслийг барих /төсөл хэрэгжсэн/

– Самур-Абшероны усжуулалтын системийг шинэчлэх

– Баку-Тбилис-Карс чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх

– Азербайжаны оюутан, залуусыг гадаадад боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх

– Турк дэх газрын тосны STAR төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх

– Өмнөд хийн корридор (South Gas Corridor)-ын бүтээн байгуулалтын төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү