ХХ зууны түүхэн гарамгай удирдагч Монголын төрийг 44 жил удирдан жолоодсон, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1916 оны луу жилийн есдүгээр сарын 17-нд төржээ.
Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.