Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.05/ боллоо. Тус хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон барихаар шийдвэрлэжээ. Тодруулбал, тус чиглэлийн замыг ирэх оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал дөрвөн эгнээтэй болгож барихаар шийдвэрлэсэн байна. Нийт таван гүйцэтгэгчээр таван хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулах Засгийн газрын тогтоол гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Энэ замыг дөрвөн эгнээтэй болгож барих санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг нэмэх санал тавьсан. Тэд нааштай хүлээж авч, техникийн экспертүүдээ ойрын хугацаанд ирүүлэхээр болсон. Нөгөө талдаа эхний баталсан 60 сая ам.доллар нь хүрэхгүй байгаа учраас хоёрдугаар шатны төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр болсон. Энэ замыг хурдан барьж ашиглалтад оруулахын тулд хоёр талаас нь замаа барьж эхлүүлэхээр боллоо” гэлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.
Энэ чиглэлийн зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг юм.