УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа.
-УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг.
Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн.
Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч 07 дугаар сарын 17-нд ирүүлсэн 15 тоот албан бичигт УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байсан. Иймд УИХ-ын даргын Зөвлөл 07 дугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдсан.
-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?
-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа.
Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй.
-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол...?
-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал.
Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна.
Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.