УИХ-ын 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтэд гарын үсгээ зуржээ

УИХ-ын 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтэд гарын үсгээ зуржээ


6 жил

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийснийг хүргэж байна.

-Баяр наадмын урт амралт эхлэх гэж байна. Иймд 60 тэрбумын авлигын асуудал олны анхаарлаас гарах нөхцөл бүрдлээ. Үндсэн хуулийн дагуу Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх зарчимтай. Нийтийн сонсголын хуулийн дагуу өнгөрсөн сарын 28-нд нийт 19 гишүүн нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хуульд зааснаар УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан бол сонсголыг заавал зохион байгуулах ёстой.

Гэвч Хууль зүйн байнгын хороо хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Ард түмний төлөөлөл болсон энэ байнгын хорооны дуу хоолой шударга үнэнээ өмнө бүдгэрч байгаад харамсаж байна.

ТГ болон бусад газрууд томилогдсон хүнээ хамгаалж байна. Өнөөдөр 11.00 цаг хүртэл хүлээхэд надад хариу өгсөнгүй. Иймд арга буюу УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардаж байна. Энэ шаардлагад нийт 25 гишүүн гарын үсэг зурсан. Шаардлагаа УИХ-ын даргад өгнө. 60 тэрбумын авлига, Эрдэнэтийн 49 болон 51 хувь, Хадгаламж банк гэх мэт хэргүүдийн талаар УИХ сонсох нь зүйтэй. АТГ-ын дарга Х.Энхжаргал эдгээр хэргийн талаар нээлттэй мэдээлэх учиртай. Хуулийн дагуу энэ хүн жилд нэг удаа тайлбар өгөх ёстой. Бид Х.Энхжаргал даргыг авилгын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж үздэг. Шударга ёсны хүсэмжлэл 85 хувиас дээш гарсан байхад Х.Энхжаргал дарга цаашид ажлаа үргэлжлүүлэх ёс зүйн эрхгүй.

УИХ-ын тухай хуульд нийт гишүүдийн 1/3 нь дэмжвэл ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно гэж заасан. Бид арга буюу энэ алхмыг хийж байна.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нээлттэй сонсголыг дөрвөн асуудлаар л зохион байгуулах боломжтой. Үүнд авлигын асуудал багтдаг уу?   
-Манайд нээлттэй сонсгол гэж гэдэг болохоос дэлхий нийтэд халуун суудал гэж нэрлэдэг. Энэ нь аль нэг гэмт хэргийг шүүн таслах зорилгогүй. Олон нийтийн өмнө, хэвлэлийнхний өмнө Монгол Улсын их хурлын өмнөөс гэрчлэх нь л чухал. Гурван цагийн аудио бичлэг үнэхээр эвлүүлэг мөн эсэхийг Доржзодовтой нүүрэлдүүлж л асуух гээд байгаа юм. Тэр хүн гэмт хэрэг хийсэн эсэхийг шалган тогтоох гээгүй. Үнэхээр эвлүүлэг бол нийт гишүүдийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Эвлүүлэг биш бол уучлал гуйх эрхийг нь ч олгох ёстой. Бүтэн гурван цаг үргэлжилсэн бичлэг байсаар байтал би энэ яриа болоход байгаагүй гээд, энэ хэргийг нь АТГ хаачихлаа. Ийм байдлаар асуудлыг шийдсэн гээд бид цааш явж болохгүй.  

Би хэн нэгний мууг үзэх гээгүй, субъектив дайралт хийх гээгүй. Хувь улс төрч хариуцлага хүлээхгүй байж болно. Тэр хүний ухамсрын асуудал юм. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллага хувь хүнд тохируулж дүгнэлт гаргаж болохгүй.

-УИХ-ын дарга та бүхний ээлжит чуулган хуралдуулах хүсэлтийг хүлээн авахгүй бол яах вэ?
-УИХ-ын дарга үгүй гэх сонголтгүй. 25 гишүүн гарын үсэсг зурсан бол 14 хоногийн дотор чуулганыг зарлан хуралдуулна.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо гэж бий. Энэ хороог даргалдаг С.Бямбацогт гишүүнд мөн шаардлага хүргүүлнэ. М.Энхболд УИХ-ыг даргалж байгааг Ёс зүйн хороо хэрхэн үзэж байгааг сонсох хүсэлтэй байна. Мөн цагдаа, тагнуул руу бичиг явуулна, МАН-ын Хяналтын хороо болон Ёс зүйн хороо, намын дарга У.Хүрэлсүхэд хандана. Нээлттэй утас ажиллуулахад 60 тэрбумтай холбоотой, авлигын 11 тохиолдлыг бидэнд мэдээлсэн. Иймд бид прокуророос энэ хэргийн хавтаст хэргийг нээн, дахин шалгахыг санал болгоно гэв.

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү