“С, Е” ангиллын мэргэшсэн жолоочийн 80 гаруй ажлын байр зарлалаа


8 жил

Залуучуудын хөгжлийн газар, үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

“Монгол Тээвэр Нэгдэл”-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлээр эхний ээлжид С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн 80 ажлын байр зарлажээ.

Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран зохион байгуулна.

“Бүртгүүлсэн залуучуудыг эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажилд хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд холбоно”  гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир мэдэгдэв.

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцна.

Нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг байх аж.

Жолоочийн идэвх, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд хэллээ.

Ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-23-ны өдрүүдэд 08:00-17:00 цагуудын хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү