-Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 203 хоол үйлдвэрлэлийн газарт шалгалт хийжээ-
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 203 газарт хяналт, шалгалт хийжээ. Хяналт шалгалтыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ныг хүртэл хийсэн байна.
Шалгалтаар нийт 1871 зөрчил илрүүлж, 72.4 хувийг нь арилгуулжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийн 495-ыг нь газар дээр нь арилгуулжээ. 99 аж ахуйн нэгж, хувь хүнд мэргэжлийн байгууллагаас, албан шаардлага, хугацаатай үүрэг өгсөн байна. Мөн шалгалтын явцад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 64 аж ахуйн нэгж, иргэнд 38 сая 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан байна.
Шалгалтаар ажилчдын ариун цэвэр хангалтгүй, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдаалсан, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эрүүл ахуй хангалтгүй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Мөн эрүүл зүйн нянгийн шинжилгээ хийхэд шалгалтад хамруулсан нийт байгууллагын 16.6 хувь нь шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна.
НМХГ-ыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр зарим дүүргийн хэлтсийн дарга нар болон холбогдох байцаагч нар зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг байлцуулж санал, шүүмж хэлж байлаа. Зөрчлөө арилгаагүй, эрсдэл өндөр газруудыг торгоод өнгөрөх биш үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллана гэсэн юм. Мөн гадаа талбайд ил задгай хоол худалдаалж байгаа газруудыг цэгцлэх, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй, хүнсний зориулалтын хадгалах агуулахгүй, цэвэр усны шугамд холбогдсон ус шүүлтүүр ашигладаггүй зэрэг нийтлэг зөрчил нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэрэг журам дүрмийг зөрчиж байна.
0
0
0
0
0
0