60 тэрбумын гэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэе.
60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд УИХ-ын дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз.
Ер нь бол Төрийн алба хаагчдыг ажил төрлийн амгалан тайван хийлгэх, ажлын хэвийн явуулах талаасаа ч энэ асуудлыг нэг мөр шийдэх нь чухал. Тэгэхгүй бол 2016 оны сонгуулиас хойш томилогдсон бүх хүмүүсийг хардсан сэрдсэн ийм байдал нийгэмд бий болсон. Энийг бол би төрийн ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа гэж ойлгож байна.
Би 2016 сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье.