Тавантолгойг хөдөлгөснөөр жилд 400 саяас нэг тэрбумын орлого орно

Тавантолгойг хөдөлгөснөөр жилд 400 саяас нэг тэрбумын орлого орно


6 жил

Засгийн газраас Тавантолгой ордыг эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. УИХ тус тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Уг төслийг ҮАБЗ болон УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр явах нь зүйтэй гэж энэ удаагийн сонголтыг хийсэн. Хамгийн эхэнд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдэд хувьцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн хяналтын багцыг төрийн мэдэлд хадгалах, дотоодын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг тусган, тогтоолыг мэдүүлсэн.  Компанийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд тодорхой санхүүжилт шаардлагатай. Бидний зүгээс шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хувилбар буюу зүүн төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх шаардлагууд гарч ирж байгаа. Үүнтэй уялдуулаад бид Тавантолгой баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлэн болгоод байгаа. Ер нь бол Тавантолгойн нүүрсийг ямар үнэ цэнэ, хэмжээгээр борлуулж гаргах гэдэг гол концепц нь баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ юм. 30 сая хүртэлх нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан баяжуулалтыг дотооддоо хийх ёстой гэдгийг мэргэжлийнхэн болон гишүүд шаардаж буй. Тиймээс баяжуулах, нүүрс угаах үйлдвэрийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж эргэлтийн хөрөнгө маш чухал гэлээ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Засгийн газрын 2017 оны 154-р тогтоолыг үндэслэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр түүний дансыг нээж бүртгэсэн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 15,000,000,000 ширхэг хувьцаанаас 2017 оны есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хувьцааны эзэмшлийн бүртгэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Төрийн мэдэлд-  12 780 711 099 ширхэг буюу 85.20 хувь
  • 486 аж ахуйн нэгжүүдэд- 7 065 038 ширхэг буюу       0.05 хувь
  • 2 511 332 Монгол улсын иргэдэд - 2 212 223 863 ширхэг буюу 14.75 хувь

“Эрдэнэс Тавантолгой” компани  нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргах юм байна. Олон улсын бирж дээр хангалттай мөнгө босгох хувь нь 30 хувь байдаг юм байна. Тиймээс Засгийн газраас 30 хувь байх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Засгийн газраас төрд байх хувийг нь 78,9 хувь, иргэдэд 14,75 хувь, биржээр арилжаалах боломжтой хувилбар нь 29 хувь гэж тооцоолжээ. 

Харин хувьцааг эргэлтэд оруулахын тулд компанийн урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн нарийвчилсан тооцоо судалгаатай зохион байгуулах шаардлагатай гэнэ.

ЭНЭ ТАЛААР УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

-Хувьцааг эргэлтэд оруулахын тулд иргэд, аж ахуй нэгжийн хувьцааны арилжааг эхлүүлэх замаар тэдний хувьцааны эргэлтийг идэвхжүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх зорилгоор IPO хийгдэх хувилбар бий. Ер нь бол бид компанийн засаглалыг сайжруулах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үнэт цаасыг нийтэд санал болгох, арилжихад оролцогч мэргэжлийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулж, хэрэв УИХ-аас баталбал ирэх арванхоёрдугаар сард хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг УИХ-д танилцуулах үүрэг хүлээх байх гэж бодож байна. Мөн гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгөх ёстой. Төр 50 хувиас  дээш хувиа эзэмшиж, шийдвэр, шийдлүүдээ гаргаад явах нь  зүйтэй гэдэг байдлаар IPO  хийх ажлын төлөвлөгөө явж байгаа. Тавантолгой төсөл эргэлтэд орсноор эдийн засагт оруулах өгөөжийг Сангийн яам болон холбогдох албаныхан гаргасан. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2,8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум  ам.долларын орлого оруулах, шууд болон  шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүмүүсийн ажлын байр, ажил амьдралтай холбоотой ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болох тооцоо судалгааг эхний ээлжинд гаргаад буй. Тавантолгой төсөл Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үйл ажиллагаа ямар байна вэ?

“ЭРДЭНЭСТ ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ:

-Тавдугаар сарын байдлаар ЭТТ компани 4.7  сая тонн нүүрс олборлож,  6.7 сая тонн нүүрс борлуулж, 328 сая ам.долларын борлуулалт хийсэн. 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой гэж харж байна. Борлуулалтын орлого, олборлолт, IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO  гаргах боломжтой юу гэдэг асуулт олон нийтийн дунд бий.  Одоогоор 7,3 тэрбум тонны нөөцтэй гэдэг тоо байдаг боловч баталгаажсан нөөц нь 2,1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоолол бий. Цаашид олборлолтоо нэмэгдүүлбэл 7,3 тэрбум тонн нөөц нэмэгдэх боломжтой. 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-г бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорой болгох ёстой. Компанийн үйл ажиллагаа IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд ажлын явц 37 хувьтай явж байна. 

-Нэг тонн нүүрсийг уурхайн амнаас хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ. Орлогоо бас хэрхэн тооцоолж байна вэ?

-Зүүн цанхийн нүүрсийг бид гэрээний дагуух үнэ тогтоодог зарчмаар тогтоодог. Сая тавдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд индексээ нэгээр ахиулж чадсан. Уурхайн амнаас одоо 61 ам.доллараар худалдаалж байна. Баруун цанхиас гаргаж буй коксжих нүүрсийг 70,1 ам.доллараар худалдаалж байна. Нүүрсний үнийг 70,1 ам.доллар болгож өсгөж чадсан нь олборлолт, борлуулалт 30 орчим хувиар өсөх боломжтой. Үүний дагуу улсад төлж буй татвар нэмэгдэх боломжтой.

-Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бол тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах  шаардлагыг бүрэн хангана. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк болон бусад мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ бид Нью-Йорк зэрэг бусад хөрөнгийн биржийг ч бас сонирхож, судалж байна.

-Тодорхой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа ч төслүүдийн ТЭЗҮ бэлэн байгаа юу. Өмнө нь Чингис бонд босгож байсан ч төслүүд нь бэлэн байгаагүй гэдэг шүүмжлэл бас байдаг?

-2012 онд 1,5 тэрбум ам.доллар босгосон ч төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байгаагүй алдаа дутагдал бий. Гэхдээ бид энэ алдааг давтахгүй. Тавантолгой төслийг дагаж барилга, дэд бүтэц, бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэх, өсөлт нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн хүмүүс гаргасан. Ер нь бол хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хөрөнгө оруулах дэд бүтэц зэрэг дагалдах дэд бүтцийн төслүүд бэлэн байгаа.

-Ер нь хэдэн төгрөг босгоно гэсэн тооцоолол байна вэ. Гишүүдэд өгсөн мэдээллээр зургаа орчим тэрбум ам.доллар босгоно гэсэн яриа байна?

-110 тэрбум ам.долларын өртөгтэй ордыг 1.5 тэрбум ам.доллараар худалдаалах гэж байна гэж яриад байгаа юм. 120  тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгохын тулд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ цэнэ, хэрэглээний 83 хувийг АНУ, Канад, БНХАУ зэрэг улсууд эзэмшдэг. Тэгэхээр дэлхийн зах зээлийн 100 хувь бид гаргаж байж үнэ цэнээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү