УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН-ынхантай холбоотой дэгдсэн “60 тэрбум”-ын хэрэг нэг хэсэг шуугиад намжих тал руугаа орчихоод байсан билээ. Хааяа хааяахан хэрүүлийн алиманд шидэгдэх ч сонирхож судалсан хүн цөөхөн гэхэд хилсдэхгүй.
Сөрөг хүчнийхэн нь ч мэрж малтаж чадаагүйг тус намын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ судалж, сонирхож, олон нийтэд дэлгэж байгаа нь сайшаалтай. Түүний зоригийг үнэлэхгүй байх аргагүй. Үүний үр дүнд түүнд элдэв дарамт шахалт ирэхийг үгүйсгэхгүй ч тэр үнэхээр зоригтой байна.
“60 тэрбум”-ын албан тушаалын наймаалцлын гор одоо ч МАН-ын нэр төрийг сэвтээсээр байгаа билээ. Төрийн албаны бүх шатны байгууллагуудад чадвартай чадваргүй, боловсролтой боловсролгүй, соёлтой соёлгүй төрөл бүрийн хүмүүсийг танил талаараа дүүргэсэн нь олон жишээ баримтнаас нотлогдсоор байгаа билээ.
Залуу хүний хувьд улс орноо, намаа ч бодвоос энэ бүх шударга бус бүхнийг таслан зогсоохыг хүссэн биз. Тиймээс Авлигатай тэмцэх газарт өөрөө хүсэлт өгч, энэ хэргийн талаарх мэдээ мэдээллийг судалж эхэлсэн биз. Гагцхүү улс төрийн ээлжит шоу биш байгаасай билээ.
Түүнийг УИХ-ын дарга М.Энхболд далбаан дор улс төрд хөл тавьсан мөртлөө түүнийгээ шавартай хутгах нь хүн чанаргүй гэх хүн олон байх шиг байна лээ. Мэдээж хүний тусыг мартаж болохгүй байх л даа. Гэхдээ шударга бүхний төлөө тэмцсэнийхээ үр дүнд илүү ихийг бүтээнэ гэж үзсэн биз.
Одоо л намаа цэвэрлэхгүй бол 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Тэдэнд хугацаа бага үлдчихлээ шүү дээ. Нам доторх их цэвэрлэгээг зоригтой эхлүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнд олон хүн найдлага тавьж байна.