Тэрээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, орон нутгийн бүтээн байгуулалттай танилцах,нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, нарны цахилгааны станцын нээлтэд оролцох юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дорноговь аймагт 21-ний өглөө 09.40 минутад Зэвсэгт хүчний цэргийн хүрээний Зүүнбаянгийн 336 дугаар ангийн хүндэт харуул угтан авсан юм.
Угтах ёслолын дараа аймгийн ЗДТГ-т төрийн албан хаагчидтай уулзсан бол дараа нь “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ “ Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлд Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой хэдэн томоохон төслүүд багтсан. Зүүнбаян-Ханги мандлын төмөр зам барих, Нефтийн үйлдвэрийг бүтээн байгуулах, Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулах томоохон зорилт тусгасан. Өнөөдөр манай улсад болон Дорноговь аймгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиож байна.Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох тухай хүсэж мөрөөдөж 20-иод жил ярьсан. Эдүгээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Монголын Засгийн газрын бодлогын дагуу нефтийн үйлдвэр барих эхлэлийг тавилаа. Бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ. Энэ бол улсын эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх том төсөл.
Жилдээ 1.5 сая тонн нефть түүхий эд үйлдвэрлэнэ. Улсынхаа нефтийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.
Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг ирэх жил хийнэ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлснээр улс орны болон Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, хөгжилд дэвшилд чухал нөлөө үзүүлэх ёстой” гэлээ.