Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж байгаа.
Энэхүү төслийн хүрээнд 2017 онд үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээг авахад таван бөхөөс хориотой бодис илэрсэн талаар мэдээллийг өгсөн. Тэгвэл тус төслийн хүрээнд 2018 оны эхээр есөн бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн юм. Гэхдээ эдгээр бөхчүүдэд шинжилгээний хариуг нь өгчээ. Учир нь тухайн бөх “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй учир одоогоор олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч долоо хоногт Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзах үеэрээ допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй гэдгийг хэлсэн юм. Тэрээр төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны асуудал баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг мөн сануулсан юм.
Тодруулбал, “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаад байна.
2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн.
Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван бөхөөс, хоёрдугаар сарын 15-нд зургаан бөхөөс шинжилгээ авахад тус бүр нэг бөх хориотой бодис хэрэглэсэн байжээ. Эдгээр бөхчүүд “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй юм.
0
0
0
0
0
0