УИХ-ын гишүүдийн ирцийг сар бүр олон нийтэд мэдээлдэг болно

УИХ-ын гишүүдийн ирцийг сар бүр олон нийтэд мэдээлдэг болно


6 жил

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр болов-

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байна.

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн адилхан нэртэй хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг тус тусад нь хэлэлцлээ. Цаашид хоёуланг нь хэлэлцэхийг дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан хуулийн төсөлд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Мөн гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгвөл хариуцлага хүлээлгэх юм байна.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Л.Болд нар АН-ыг УИХ-д бүлэггүй болгох зорилготой хуулийн төслүүд  гэж ярьж байна. Нөгөө талаар нэг нам эрх барихаар гарч ирэхээрээ улстөрийн агуулгатай хуулиудыг нэг тийш нь болгоод өөрчилчихдөг, дараагийн нам гарч ирэхээрэ дахиад өөрчилдөг энэ байдлыг засах уу” гэдгийг тодрууллаа. Энэ асуултад төсөл санаачлагч Д.Хаянхярваа АН-ын бүлгийг байхгүй болгох зорилго огт агуулаагүй, өнгөрсөн хугацаанд УИХ-ын Дэгийн хуулийг сайжруулъя, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлье гэсэн хэлэлцүүлэг өрнөж, нийгэм ч шаардаж байсан. Үүнтэй холбоотой боловсруулсан гэв. 

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэхийг дэмжээгүй бол МАН-ын үг хэлсэн гишүүд дэмжсэн байр суурь илэрхийлж байв.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүний санаачилсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Мөн гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлэх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэжээ.

Дээрх хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир цаашид нэгтгэн хэлэлцэхээр шийдвэр гаргалаа.

Ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү