“Эрдэнэт”- ийн ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийхээр хэлэлцсэн. Энэ дагуу мөнгө төлөөд дарга болох хүсэлтэй хүмүүс МАН-ын генсекийн өрөөний үүдэнд дугаарлаж байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
- Эрдэнэтийн хууль бус Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийхээр ярьсан. Монгол Ардын Намаас томилох 60 гаруй хүн бий гэсэн мэдээлэл гарсан байсан?
- Эрдэнэтийн ТУЗ хуралдсан гэх мэдээллийг би бас адилхан хэвлэлээс авсан. Ер нь Эрдэнэтийн асуудлыг нэг талдаа шийдэх ёстой.
Монгол Улсын асар олон хуулийг зөрчсөн, луйврын шинжтэй үйл ажиллагааг, улс төрийн нөлөө бүхий нөхдүүд хууль хяналтынхныг оролцуулаад хийчихсэн асуудал явж байгаа. Үндсэндээ Монголын ард түмнийг олон жилийн турш тэжээж ирсэн Эрдэнэт үйлдвэрийг булааж авах үйл ажиллагаа явсан гэж үздэг.
Анх энэ нь хувьчлах процессоосоо эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа юм биш. Төрийн өмчийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын түүнийгээ худалдаалахдаа Монголын Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байсныг орхигдуулсан нь асуудал дагуулсан.
Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк гэж том банк байна. Монгол Улсын банкны тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг банк. Тэр утгаараа хэд хэдэн зүйлийг хөндөх ёстой. Тухайлбал, энэ банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд тэр зээлийг олгосон эсэх, нэг арилжааны банк ямар ч барьцаагүйгээр 29 настай залууд хэдэн зуун сая ам.доллар зээлж байгаа нь Банкны тухай хуульд нийцэж буй эсэхийн судлах ёстой. Мөн Худалдаа хөгжлийн банк нэг хүнд тэр их хэмжээний мөнгийг зээлээр олгож байгаа нь Банкны тухай хуулийг дагаж байгаа эсэх зэргийг хөндөх ёстой гэж бодож байна.
Монгол Улсын Засгийн газраас Монголын ард түмний эрх ашгийг хангах, аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс Эрдэнэтийн асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллаж байгаа. УИХ-аас энэ чиглэлд шийдвэр гаргасан. Харамсалтай нь шүүхийн шатанд буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очихоор Засгийн газрын шийдвэрийг цуцалчихдаг.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц хуралдаад “Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх, хэм хэмжээ байхгүй” гэх дүгнэлтийг гаргачхаад байхад дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүх хуралдаад анхан шатны шүүхийнхээ гаргасан шийдвэрийг баталгаажуулчих жишээтэй. Энд нэг юм харагдаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ийн Монголын ард түмний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг хардахаас өөр аргагүй байдалд оруулж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон Үндсэн хуулийн Цэц хуралдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй гэдгийг дүгнэчихсэн байхад дахиад дараагийн шатны шүүх дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ бүх процесс үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоохын тулд Монгол Ардын Нам бүх түвшинд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Маш олон янзын саад бэрхшээлтэй ч тулгарч байна.
Эрдэнэтийн асуудлыг хөндөж, ярьж буй хүмүүсийг няцаах, мохоох тодорхой улс төрийн зорилго агуулсан, хууль хяналтын зарим байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа хүртэл идэвхжиж байгаа. Үүнд бид няцаж зогсох юм бол цаашдаа Монгол Улсын хувь заяа, ирээдүй хойч үеийнхний маань ажиллах амьдрах эх орон хаашаа, юу руу явах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Сүүлийн үед маш цөөхөн гэр бүл Монгол Улсыг эдийн засаг, улс төр, хууль хяналтын түвшинд нь хянадаг болсныг улс төрийн хүрээнд ярьж буй. Арай ч тийм биш гэж боддог байсан. Одоо үүнтэй санал нэгдэх тал руу ойртож байна. Бид үүнийг өөрчлөхийн төлөө явна.
- Эрх баригч намын хүрээнд Эрдэнэтийн ТУЗ-өөр дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийе гэсэн асуудал яригдсан уу. Тухайлбал таныг “албан тушаалуудыг 500, 300, 200 саяар зарж байна. Өрөөний чинь үүдэнд асар олон хүн дугаарлаад зогсож байна” гэсэн мэдээллүүд гарсан нь үнэн үү?
- Би түрүүн хэлсэн. Эрдэнэтийн асуудал анхнаасаа л луйврын шинжтэй явчихсан. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдчихсэн гэж Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан. Үүнийг нь шийдэж байж дараагийн 49 хувийг эзэмшинэ гэж бусад нөхөд ярих ёстой юм.
Энэ асуудал шийдэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг нөхөд очиж суучихаад Эрдэнэтийн ханган нийлүүлэлтээс эхлээд борлуулдаг зэсийн баяжмал гээд бүх зүйлийг нь давуу эрхтэйгээр өөрсдийн охин компаниудаар хийлгээд Эрдэнэтээс улсад орж ирдэг байсан орлогыг бүгдийг нь өөрийн өмч болгочихсон.
Үндсэндээ Эрдэнэтийг худалдаж авсан 400 сая ам.доллароо хоёрхон жилийн дотор нөхөж олох нөхцлөө бүрдүүлчихсэн ажиллаж байгааг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ. Төр 51 хувиа эзэмшиж байгаа бол 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой гэдэг чиглэлийг барьж ажиллаж байгаа. Харамсалтай нь Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг намтай, миний эрхэлж буй албан тушаалтай холбож “Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл Эрдэнэтийн томилгоог хийж албан тушаалыг нь худалдаж байна” гэх мэтээр мэдээлж Засгийн газрын шийдвэрийг хүчгүйдүүлэх оролдлого хийж байна.
Бид хэзээ ч өмнөх жишгээр явахгүй, давтахгүй, албан тушаал наймаалцахгүй. Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарлаж зогсдоггүй юм. Тухайн албан тушаалд томилогдох шалгуурыг хангасан хүнийг мэргэжлийн байгууллага томилоод явдаг, тэгш, шударга өрсөлддөг боломжийг олгохыг төлөө бид ажиллаж байна, цаашдаа ч хичээнэ. Харин тэр эрх мэдлээсээ буух гэж буй нөхдүүд юу ч хийж магадгүй байна. Хүнийг яаж ч гүтгэж магадгүй гэдгийг эндээс харах ёстой.
- Гэхдээ хэд хэдэн хүний томилгоо яригдаж байгаа нь үнэн юм байна тийм үү?
- Нам дээр нэг ч томилгоо яригдаагүй. -ТУЗ-ийн гишүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгочихсон учраас хурал болвол хууль бус гэх мэдэгдэл гаргасан байсан? Үүний тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах хэрэгтэй байх. Би тэр талын тайлбарыг өгөх албан тушаалтан биш. Өнөөдөр зөвхөн улс төр талаасаа Эрдэнэтийн асуудалд тайлбар хийж байна. Ер нь цаашдаа Эрдэнэтийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг авч ажиллана.
Ард түмэнтэйгээ хамт үүний эсрэг тэмцэнэ гэж бодож байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн хууль хяналт, улс төр, бизнесийн энэ нийлчихсэн бүлэглэлийн эсрэг бид шулуухан тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ гэж харж байна. Ардчилсан нам, Ардын Намыг ч тэр Засгийн эрх барьж байхад төрд шургалчихаад албан тушаал, авилгын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг цэвэрлэхийн төлөө бид ажиллана. Үүний төлөө зорьж ажиллаж байна.