УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож саналаа танилцуулснаас гадна УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж гишүүн Дэд хорооны саналаа танилцууллаа. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн 100 хувь прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүд ерөнхий прокуророос асуулт асууж хариулт авлаа.
Л.Болд: -Д.Гантулга гишүүн мөрдөн байцаах ажиллагаанд удаа дараалан саад учруулж байсан гэж саналдаа бичсэн байна. Одоо энэ байдал нь үргэлжилж байгаа юм уу. Эсвэл түдгэлзүүлэх санал гаргахаас өмнөх процессыг нь хэлж байна уу?
М.Энх-Амгалан: -Түдгэлзүүлэх санал гаргаснаасаа хойш яллагдагч Д.Гантулгыг дуудаагүй. Эрх зүйн байдлыг нь шийдэж байж дараа нь асуудал яръя гэдэг үүднээс мөрдөн байцаах ажиллагаа хийгдээгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасны өглөө мөрдөн байцаах ажиллагаанд ирсэн. Одоогийн байдлаар өмнөхтэйгөө адилхан мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна гэсэн болгоомжлол байхгүй байна.
Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний санал тэнцлээ. Санал хураалт 50:50 хувиар тэнцсэн тохиолдолд уг санал дэмжигдээгүйд тооцдог юм.