Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1964 оны энэ өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан сум, хатан Хэрлэнгийн хөвөөнд мэндэлжээ.
Үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа /МНТ-ны ойн барилдааныг оруулаад/ түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цолоор цоллуулж явсан нэгэн.
“Алт ухаж, амьтны амь тасалж амьдрахгүй” гэж хэлэх дуртай эрхэм гишүүнийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нэгэнтээ “Тэр хүний сэтгэлд улс орны ирээдүй, тусгаар тогтнол, эв нэгдэл, шашин соёл, спорт бүгд багтаж явдаг” хэмээн тодорхойлж байсан удаатай.