Монгол орон даяар өрнөж буй “Монголоо сонсъё” аян Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж, энэ сарын 02-нд хаалтаа хийлээ.
Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр Ардчиллын шанг таталцсан Эрдэнэтчүүд Бүрэн бүстийн овоогоо тахиж, бэсрэг наадам зохион байгуулж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, хурдан морьд шандас сорилоо. Түүнчлэн Эрдэнэт хотын Уурхайчдын соёлын ордны өмнөх талбайд тоглолт зохион байгуулж, “Хурд”, “Чоно” хамтлагууд ая дуугаа өргөж, “The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогчид Эрдэнэтчүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хаалтын арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монголын ардчиллын гал голомт болсон цөөн аймгуудын нэг бол Орхон аймаг. Тэртээх 1989-1990 онд Ардчиллын шанг татсан аймгуудын нэг бол өнөөдрийн Эрдэнэт хот. Эрдэнэтийн мянга, мянган залуус Ардчиллын шанг таталцаж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолыг авчрахад өндөр хувь нэмэр оруулсан юм. Тиймээс ч Ардчилсан нам Эрдэнэтчүүдийн оруулсан хувь нэмрийг ямагт үнэлдэг билээ. Хур, бороо тэгширсэн зуны сайхан өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, эрч хүчтэй ажиллаж, амьдрахыг Эрдэнэтчүүддээ хүсье” гэв.
“Монголоо сонсъё” аяны хүрээнд Орхон аймгийн Ардчилсан намын хороо Үүрийн зөвлөлийн гишүүд буюу сонгуульт гишүүддээ зориулсан гурван удаагийн сургалт зохион байгуулсан байна.
Мөн Орхон аймгийн хэмжээнд Жаргалант сум, 21 багийн Ардчилсан намын гишүүдтэйгээ уулзалт зохион байгуулжээ. Аяны хүрээнд Орхон аймгийн хэмжээнд нийт 10 удаагийн уулзалт зохион байгуулж, 20 гаруй мянган иргэнд Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрмийн талаар мэдээлэл хүргэж, санал, хүсэлтийг нь сонсчээ. Уулзалтын үеэр ажилгүйдэл, ядуурал, архидалт, эрх баригчдын харалган шийдвэр, тансаглал, өрийн асуудлыг иргэдийн дийлэнх нь хөндсөн байна.
Үүнээс гадна уулзалтын үеэр санал хүсэлтийн хайрцаг аялуулж, судалгаа зохион байгуулжээ.