Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилж, тус улсын төр засгийн удирдлагуудтай томоохон тохиролцоо хийсэн нь ОХУ-д таалагдаагүй бөгөөд үүнээс болж У.Хүрэлсүхийг хүлээж авах боломжгүй хэмээн Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалыг Кремлийн зүгээс хойшлуулсан билээ. ОХУ манайд ингэж дипломат сануулга өгч байгаа нь анх удаагийн гэмээр үйлдэл юм. Үүнээс гадна Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д бүрэн эрхт гишүүнээр элсэх эсэх асуудал тавигдаж байгаа энэ үед уур амьсгалыг хоёр орны хоорондох уур амьсгалыг зөөлрүүлж, учир шалтгааныг лавлахаар УИХ-ын дарга М.Энхболд хойд хөршид айлчлахаар болжээ.
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөрш БНХАУ-д айлчилж, ШХАБ-ын ээлжит хуралдаанд оролцоно. Үүнээс өмнө буюу энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг хаалттай хэлэлцэнэ. Хуралдаанд төрийн гурван өндөрлөг оролцох бөгөөд эндээс Монгол Улс гадаад бодлогын асуудлыг тодорхойлж, УИХ-ын дарга М.Энхболд хойд хөршид очоод юу ярих, Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид очоод юу ярихыг ерөнхийд нь “зааж өгсөн”, төрийн өндөрлөгүүдийг нэгдсэн байр суурьтай болгох зорилготой юм.