Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга нийгмийг цогцлооно хэмээн шүүх засаглалыг бүхэлд нь өөрчилж, “шүүхийн шинэчлэл” хийсэн билээ.
Даргаар нь согтуугаар хүн дайрч хөнөөсөн гэгддэг Н.Лүндэндорж ажиллаж, “Шүүгч яагаад 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болохгүй гэж” хэмээн ярьдаг хүн. Үнэндээ түүний үед шүүгч нарын цалин эрс нэмэгдсэн ч авлига авах нь ч бас гаарсан. Өнөөдөр Монгол Улсад хамгийн шударга бус ажиллаж буй газар нь шүүх болчихоод байгаа бөгөөд анхан болон дунд шатны шүүгч нар илүүтэй авлигад идэгдэж байна.
Мөн шүүгч нараа дагаад өмгөөлөгч, хуульч нарын үнэ ч хаданд гарч, 200-300 мянган төгрөгийг “Хоёрын хооронд ийм бага мөнгөөр ажиллахгүй” гэдэг болсон.
Шүүх ямар шийдвэр гаргаж байгаа талаар олон нийтэд олигтой мэдээлэл хүрдэггүй. Буруу шийдвэр гаргасныг нь мэдсээр байж шүүх маань ийм шийдвэр гаргасан юм чинь гээд иргэд хүлээн зөвшөөрч, дуугүй өнгөрдөг болж.
Үнэндээ шүүх байгууллагаас илүү иргэд олон нийт зөв шийдвэр гаргадаг болсон өнөө цагт иргэдийн хувь заяагаар тоглосон, илт буруу шийдвэр гаргасан шүүгч нарт хатуу хариуцлага тооцож, ганц алдаа гаргасных нь төлөө бүх насаар нь шүүх байгууллагад ажиллахыг нь хориглосон ч багадна. Учир нь ийм л хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэдэг. Гэвч шүүхийн байгууллагууд өнөөдөр ч гэсэн буруу шийдвэр гаргаж, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн талд ажилласаар байна.
Авлигатай тэмцэх газрын зүгээс “идэж уусан” хулгайч нөхдүүдийг шалгаж зохих байгууллагад нь шилжүүлдэг ч энэ нь шүүхийн шатанд ямархуу байдлаар шийдэгддэг зарим жишээг хүргэхэд:
- 50-90 сая төгрөгийн хахууль авсан даргад шүүх 6-9 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан бол 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдааг 1 жил хорих ял шүүх өгөв.
- Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Нарангэрэлийг 13.4 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Т-д 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулав.
- БСШУЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон боловч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс түүнд ЭХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
- Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь С зөвшөөрлийг олгохын тулд 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Д.Батбаярт 6.5 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 саяар торгож шийтгэсэн байна. Гэх мэтчилэн шүүхийн алдаа дутагдалтай, албан тушаалтны талд шийдвэр гаргадаг байдал манайд байсаар байна.