Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гадаад бодлогын талаарх асуудлыг ойрын үед Улсын Их Хурал хаалттай горимоор хэлэлцэж тодорхой мэдээлэл авах, нэгдсэн ойлголт, байр суурьтай болох хэрэгтэй байна гэсэн санал гаргасан. Гишүүний гаргасан саналыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд зөв зүйтэй, чухал санал гэдгийг хэлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийг байлцуулан гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлаар хаалттай горимоор сонсох бэлтгэлийг хангахад Тамгын газар анхаарахыг үүрэг болгов. Мөн шаардлагатай гэж үзвэл ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гарагийн аль нэгэнд чуулганы нэгдсэн хуралдаан зарлахад бэлэн гэдгийг мэдэгдлээ.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалттай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүдийн уулзалт арга хэмжээ, ажил алба давхацсанаас ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг ирц хангалттай үед явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу намын бүлэгт завсарлага өгсөн юм.
Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 41 нь буюу 87.2 хувь нь дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авчээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2019 онд 8.0 хувь, 2020, 2021 онуудад 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2019 онд 8,888.0 тэрбум төгрөг, 2020 онд 9,795.5 тэрбум төгрөг, 2021 онд 10,889.1 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2019 онд 10,993.8 тэрбум төгрөг, 2020 онд 11,475.6 тэрбум төгрөг, 2021 онд 11,945.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн алдагдлыг 2019 онд 2,105.8 тэрбум төгрөг, 2020 онд 1,680.1 тэрбум төгрөг, 2021 онд 1,056.4 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүнг 2019 онд 19,210.2 тэрбум төгрөг, 2020 онд 18,648.4 тэрбум төгрөг, 2021 онд 17,529.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлыг 2019 онд 677.9 тэрбум төгрөг, 2020 онд 722.0 тэрбум төгрөг, 2021 онд 768.9 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжлээ
Чуулган нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгож хэлэлцүүлэхийг хууль санаачлагчид зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хоёр тогтоолын төслийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.
Ажлын хэсэг энэ сарын 03, 10, 16-ны өдрүүдэд хуралдаж санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулжээ. Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 5 дугаар сарын 16 болон 24-ний өдрүүдийн хуралдаанаараа Ажлын хэсгээс нэгтгэж боловсруулсан төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.
Тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ажлын хэсэг хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын гурван асуудлыг санал, дүгнэлтдээ тусгасныг тэрбээр танилцуулав. Үүнд:
Нэгд, улсын төсвийн Халамжийн санд 2018 онд төсөвлөсөн 375.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад дайчин, алдар цолтой ахмад настны хөнгөлөлт, урамшууллын зардал, насны хишиг, алдарт эхийн одонтой эхчүүдийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр болон ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхээр батлагдсан байна. Тиймээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг одоо хэрэгжиж байгаа дээрх халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоох, эсвэл хамрах хүрээг нь бууруулж шийдвэрлэх боломжтой, харин ядуурлын түвшинтэй нийцүүлсэн халамжийн шинэ хөтөлбөрт зориулсан 41 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувь болгож нэмэгдүүлэхэд зарцуулах нь хуулийн хүрээнд боломжтой гэж үзсэн байна.
Хоёрт, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгаа хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгах;
Гуравт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судлан үзэж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгах саналтай байгаагаа дурджээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг аваагүй аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, гаднаас авсан зээлээ төлж барагдуулж чадахгүйд хүрч, олон түмэн хандив цуглуулах санаачлага гаргаж байсан тэр үеэс Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрт оролцсон улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгохоор тохиролцсон. Тиймээс бүх зүйл яриа хэлэлцээрийн түвшинд явагдах ёстой, явагдаж ч ирсэн.
Эдийн засагт нааштай зарим ахиц өөрчлөлт гарч байгаа учраас урд нь хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 80 хувьд олгохоор ОУВС-тай удаа дараа ярилцаж байж тохирсон. Эдийн засаг өсч байгаа, татварын орлого, валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг, зөв бодлогын үр дүн юм. Гэхдээ тулгамдсан өр зээл, хуримтлагдсан асуудал байсаар байна. Зөвхөн өнгөрсөн 7 сард гадаад бондын үндсэн төлбөр, хүүд 2 их наяд 817 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ онд гэхэд гадаад зээл, бондын хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа. ОУВС-гаас авч байгаа зээл зөвхөн төлбөрийн тэнцлийг хангах, төгрөгийн чадварыг сайжруулахад зориулагдаж байгаа. Тиймээс ядахдаа гадаадаас авсан бонд, зээлийн дарамтаас Монголын төр, Засгийн газрыг салгахыг хичээж байна. Үүний тулд эдийн засгийн зөв бодлого чухал байгааг онцлов. Мөн 2015 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгож, хүүхдийн мөнгийг Халамжийн тухай хуулиар зохицуулж олгохоор болсон байдаг. Энэ үндсэн дээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот хэсэгт олгож байгаа гэдгийг хэллээ.
Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай.” гэж өөрчлөн найруулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан Байнгын хорооноос дэмжээгүй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг олонхи нь дэмжсэн. Ийнхүү Байнгын хорооны саналын томъёоллууд дэмжигдсэнээр Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүр олгох зохицуулалт хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.