Х.Амгаланбаатар: Цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх шаардлагаа үр дүнд хүртэл тэмцэнэ


8 жил

"Цалин нэмэгдүүлэхийн төлөө" явуулж буй нэгдсэн тэмцлийн үйл явцын талаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /05.23/ сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ.

Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний жагсаал цуглаанаас хойш МҮЭ-ийн холбоо болон түүний гишүүн байгууллагууд хэрхэн тэмцэл өрнүүлж байгааг календарьчилсан байдлаар танилцуулсан ба өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс ихээхэн зүйл шалтгаална гэдгийг онцоллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цалин хөлсний нэмэгдлийн талаар хувилбар гаргая, ҮЭ-үүд итгэл үзүүлээч гээд шуурхай ажлын хэсэг байгуулж, гарц гаргалгааг бий болгон саналаа Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулна гэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй ҮЭ-үүдийн суултын талаарх мэдээг янз бүрээр нэвтрүүлж байгаад анхаарч, нэгдсэн ойлголт өгөх зорилготой гэдгээ Х.Амгаланбаатар тодотгоод, ҮЭ-үүд нэгдсэн, бидний шаардлага үр дүнд хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэлээ.

 

2018.05.01 Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017 - 2018 оны улсын нэмэлт хэлэлцээр энэ өдрийн 16:00 цагт эхэлсэн. МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага тодорхой үр дүн шийдэлд хүрээгүй тул завсарлага авав. 

2018.05.08 Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа энэ оны II улиралд багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа. 

2018.05.11 Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “Ажил хаялт”-ын өмнөх суулт зарлав. Ажил хаялтын өмнөх суултын эхний өдөр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, ШУ-ны ҮЭ-ийн хорооны дарга Баясгалан нар оролцсон юм. 

2018.05.14 Ажил хаялтын өмнөх суултын хоёр дахь өдөр тус суултанд оролцогчид хүрээгээ тэлж бусад салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэв. 

2018.05.15 Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017 - 2018 оны улсын нэмэлт хэлэлцээр үргэлжилсэн ч Засгийн газрын зүгээс тодорхой шийдэл, санал гаргаагүй тул нэмэлт хэлэлцээ дахин завсарлалаа. 

2018.05.16 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурал энэ өдөр хуралдаж ажил хаялтын өмнөх суултыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах болсон юм. Мөн МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 21-ны өдрөөс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болсон талаар хэлэлцээрийн оролцогч талууд болох Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд мэдэгдэж албан тоот хүргүүлэв. 

2018.05.18 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой МҮЭ-ийн холбооны удирдлагууд уулзаж үүссэн нөхцөл байдлын явцын талаар мэдээлэл солилцов. 

2018.05.21 МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх суулт тухайн өдрөөс үргэлжилж байна. Аймаг орон нутагт ажил хаялтын өмнөх суулт хийж хүрээгээ тэлэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг 5 сарын 21-ны өдөр хүлээн авч уулзав. МҮЭ-ийн холбооны удирдлагууд цалин хөлс нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэдийн дунд бухимдал гарч байгааг дурдаад энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэв. 

2018.05.22 МҮЭ-ийн холбооноос ОУВС-ын суурин төлөөлөгч Нейл Сакарт мэдэгдэл, саналыг Ажил хаялтын өмнөх суултанд оролцогчдын хамтаар хүргүүлэв. 

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх шаардсан ажил хаялт зарлах талаарх мэдээлэл ирүүлэхийг гишүүн байгууллагуудын дарга нарт тавдугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг даалгалаа. 

2018.05.23 Ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү