Аливаа буруу үйлдэл хожим нь заавал шангаа хүртдэг нь байгалийн хууль юм. Үүнийг хэн ч тойрч гарахгүй. Улаанбаатарын хотын агаарын бохирдол буурахгүй байгаа нь албан тушаалтнуудын агаарын бохирдлоор мөнгө хийх болсонтой холбоотой бөгөөд тэдний хийсэн хууль бус үйлдэл өдгөө үнэнд гүйцэгдэн ирлээ. Яг С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар шиг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч, олон арван тэрбумын хөрөнгө гаргаж өгсөн ч үр дүн байхгүй харин ч бүр бохирдол нэмэгдэж ирлээ.
Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж ирсэн албан тушаалтнуудын амьдрал сайжраад нийслэлийн утаагүй бүсэд амьдрах болсон нь шударга явдал уу. Тухайлбал, ихээхэн хэмжээний мөнгөөр туйлсан гэгдэж хуулийн хяналтын байгууллагад хүртэл шалгагдаж явсан “Цэвэр агаар сан”-гийнхан дахин шалгагдах нь тодорхой боллоо. “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа нарын хүмүүс хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан ч тухайн үед эрх мэдэлтэй байсан эцгийнхээ нэр нөлөөгөөр хэргээ хэрэгсэхгүй болгуулж байсан түүхтэй. Одоо тэгвэл хэргийг сэргээн шалгаж, энэ удаад нэлээд далайцтай шалгаж, гэм буруутай этгээдүүд хуулийн хатуу хариуцлага тооцохоор боллоо. Тэгэхээр бас нэлээдгүй албан тушаалтнууд шоронгийн хаалга татах болтой. Учир нь, төрийн байгууллагуудын хаалганы дотор, гадна талд “Цэвэр агаарыг тат”, “Бохир агаарыг түлх” гэсэн цаас нааснаас өөрөөр олигтой ажил хийгээгүй ч их хэмжээний мөнгө дутаасан тэднийг явах газар руу нь явуулж шалгуулах хэрэгтэй УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд хэлж байсан юм.
Тухайлбал, "Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлэг" зохион байгуулсны дараа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төрөөс болон олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч, зарцуулсан хөрөнгө нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь нууц биш. Хариуцлагын асуудлыг Өргөдлийн байнгын хороо хөндөж байгаад талархал илэрхийлье. Агаарын бохирдлоос үүдэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгөний дарамт, хохирол учруулж байна. Иймд хариуцлага тооцдог нэгж бий болгож, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, 147 тэрбум төгрөгийг 4 жилийн хугацаанд салхинд хийсгэсэн байна. Энэ мөнгийг зуух, гэрийн бүрээс, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан байна, гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өмнөх жилүүдэд зарцуулсан сая сая ам.долларын үр дүн байхгүй байгаад маш их харамсалтай байна гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, үргүй зардлыг дахин гаргахгүйн тулд хариуцлагыг өндөржүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэлээ.