Монгол Улс хуультай орон гэдгээ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт харуулж байгаа билээ. Тэднийг барьж хорьсон нь төрөөс хулгай хийгээд хилийн чанадад тансаглаж болдог юм байна гэж бодож буй хүмүүст ингэж болдоггүй юм гэсэн том сануулга болж байна.
Ерөөсөө манайд төрөөс хулгай хийгээд, тэр мөнгөөрөө нууцхан туйлж болдог юм байна гэх бодол улстөрчид болон тэднийг тойрон хүрээлэгч хурган дарга нарын сэтгэхүйд нэвт шингэсэн. Ийм ч байдаг.
Тиймдээ ч албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэж үхэн хатан зүтгэцгээж, мөнгө төгрөг зээлэн байж авлига өгөн албан тушаалд хүрдэг болж.
Ингээд албан тушаалд хүрч дарга болон тодорхой эрх мэдэлтэй болонгуутаа шууд мөнгө хийх ажилд ордог, юун тэр төрийн ажил. Өр зээл тавьсан хүмүүс түүнийгээ төлөхийн тулд ингэхээс ч өөр яалтай билээ гэж бодох.
Тогтолцоо нь буруу байна. Нөгөө талаас ийм байдалд хүргэж, 30 жил төрд эрхэлсэн хүмүүстэй одоо Монгол Улс хариуцлага ярьж, үүнийг тооцож байна.
С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Монголын ард түмэн 30 жил эрхлүүлсэн бөгөөд одоо хийсэн ажлыг нь дүгнэж хэлэлцэх эрхтэй. Гэвч ард түмний зүгээс тэднийг аль хэдийн эх орноосоо урвагчид хэмээн цоллож, “Ясыг нь цайтал хорь” хэмээн шаардсаар...
Дээрх гурван нөхрийн хувьд Оюутолгойн орд газрыг хөдөлгөсөн нь зөв гэлээ үүнийг хийхдээ төр, түмэнд ашиг муутай байгуулсан гэгдэж байгаа бөгөөд ингэж ашиг муутай хийх гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө мөнгө төгрөг авсан хэмээн шалгагдаж буй.
Оюутолгойн гэрээ ашиг муутай болсныг бид бүгд мэдэх ба хэрвээ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ийм гэрээ байгуулсныхаа төлөө мөнгө авч Монгол Улс болоод Монголын ард түмнийг хохироосон нь үнэн байвал яалт ч үгүй эх орноосоо урвагчид болно. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох ч ард иргэд өндөр анхаарал хандуулахгүй бол хэсэг бүлэг хүмүүсийн нөлөө орох магадлалтай байгааг нуух юун.
Ямартай ч хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр ажлыг нь хийлгэж, мань гурвын асуудлыг нэг тийш нь шийдээсэй билээ. Тэгвэл хоригдож буй гурвын хувьд эхнээсээ үг, үйлдэл үзүүлж байна, өт ч гэсэн биед нь хүрэхээр арвалздаг шүү дээ.
С.Баярын хувьд “Хэнтэй ч уулзахгүй” хэмээн томронгоо бас “Намайг хорилоо, ямар нэгэн арга сүвэгчилж байгаад сулласангүй” гэж эрхлээд байгаа бол Ч.Сайханбилэг өргөст торны ард үнэнхүү зовж байгаагаа ил захидал бичиж илэрхийлсэн.
Харин “энэ бол гайхамшигтай гэрээ” хэмээн даналзаж явсан С.Баярцогт ямар нэгэн зүйл хийхгүй чимээгүй байсаар байна.
Нэгэн цагт шоронд орохгүй хэмээн сэтгэж, “би энэ гэрээг хар толгойгоороо хариуцна” хэмээн пээдэлцэж байсан С.Баяр шазуур зууж байгаа ч шоронгийн эмнэлэгт өвчин зовлон тоочиж суугаа гэх.
Гэтэл энэ гурвыг шоронд хоригдлоо гэхэд хамгийн түрүүнд шантарна хэмээн бодож явсан С.Баярцогт ганцаараа шийр заан хэр тэсвэр хатуужилтайгаа харуулж байна. Ард түмний эрх ашиг хөндөгдөж, өвчин зовлонд унагачихаад тоодоггүй хэрнээ өөрсдийнх нь эрх ашиг өчүүхэн төдий хөндөгдөхөд сүр болдог С.Баярцогт тэргүүтэнгүүдийн хувьд олон нийтэд хандах нүүр байхгүй.
Гэвч ил, далд гуйж гувшсаар байна. Харин дан ганц С.Баярцогт л ичих нүүртэй гэдгээ харуулж, эрийн хуйх гэдгээ нотлохыг оролдож байна. Боловсролтой хүн ч өөр л дөө.