Монголбанк өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгээ эмхэтгэн дүгнэж тайлан гаргажээ. Уг  тайлангаа олон улсын PwC компанийн хөндлөнгийн аудитаар баталгаажуулсны эцэст өнөөдөр нээлттэй танилцууллаа. Төв банкны нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилготой 210 нүүр бүхий уг тайлан нь Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүний нэг бөгөөд www.mongolbank.mn  хуудаснаас уншиж танилцах боломжтой юм байна.

Монгол Улсын 2017 оны макро эдийн засгийн тойм, 2017 оны мөнгөний бодлогын хэрэгжилт, Монголбанкны мөнгөний зах зээл дээрх үйл ажиллагаа, Монголбанкны бүтэц, дотоод үйл ажиллагаанд гарсан гол өөрчлөлтүүд, санхүүгийн аудитлагдсан тайлан зэрэг таван бүлэг бүхий тайлангийнхаа талаар өнөөдөр Монголбанкнаас дэлгэрэнгүй танилцууллаа.

Өнгөрсөн 2017 онд Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж, өсөлт ажиглагдаж эхэлсэн жил байв. Эдийн засагт итгэх итгэл сэргэж, макро орчин сайжирсан нь инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдахын зэрэгцээ ханшийн тогтворжилт, ДНБ-ий өсөлт, зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал, санхүүгийн системийн тогтвортой байдал, төсөв болон төлбөрийн тэнцэл зэрэг олон үзүүлэлтээр илэрхийлэгдэж байгааг гэдгийг Монголбанкныхан хэлж байна.

Төв банкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд, мөн олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа, гадаад орчны таатай нөхцөл зэрэг нь үүнд эерэгээр нөлөөлжээ.

Олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажсан 2017 оны тайлангаар Монголбанкны санхүүгийн тайлан 176.6 тэрбум төгрөгийн ашигтай байсан байна. Мөн Төв банкны хуримтлагдсан алдагдал 2.8 их наяд төгрөг болж буурчээ. Төв банк үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцээ олон улсын сайн туршлага, нийтлэг жишигт хүргэн сайжруулахад чиглүүлэн шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг таван чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажээ.