Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15.00 цагт С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог сунгах эсэхийг шийдэх хурал зарлагджээ.
Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Уг хугацаа дуусч байгаа тул дахин хорих эсэхийг шийдэхээр шүүх хурал зарлагджээ.
Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа. Мөн Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг цагдан хорьж шалгаж байсан ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 1-нд хуралдах үеэрээ түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан цагдан хорих арга хэмжээг өөрчилсөн.