Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын Hэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. УИХ-ын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх юм байна.
Мөн Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.