Lenovo анхны 100 хувь нүүр дүүрэн дэлгэцтэй гар утсыг зах зээлд гаргана


6 жил

Гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нүүрийг зөвхөн дэлгэц эзэлж байхаар зохион бүтээхийн төлөө хоорондоо өрсөлдөж байгаа.

 

Анх Apple iPhone X загвараа гаргахдаа нүүрний камер, мэдрэгч, яригч зэргийг нүүрэн хэсэгт байрлуулахын тулд дэлгэцний дээр хар өнгийн оруулга хийж өгсөн юм.

Дараа нь гарсан бүх Андроид гар утаснууд Apple-ийн энэхүү дизайны шийдлийг үргэлжлүүлэн ашиглаж, шинэ санаа гаргаагүй гэсэн үндэслэлээр зарим мэргэжилтнүүдэд шүүмжлүүлж байсан.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Хятадын электроникийн үйлдвэрлэгч Lenovo компанийн дэд ерөнхийлөгч Чан Чэн вэйбо хуудсандаа удахгүй зах зээлд гаргах Lenovo Z5 гар утасныхаа дүрслэл зургийг (дээр үзүүлсэн) дэлгэжээ.

Уг зурагнаас харвал тэдний шинэ ухаалаг гар утас нь нүүрэндээ ямар ч оруулгагүй, цэвэр дэлгэц байх бололтой.

CNET сайтын мэдээлснээр уг бүтээгдэхүүн нь технологийн дөрвөн том дэвшлийг нэвтрүүлсэн байх болно гэжээ. Тэдний нэг нь дэлгэцний цаад талд сэлфи камер, яригч, мэдрэгч зэргийг байрлуулах арга байх магадлалтай гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Vivo компани өөрийн Apex концепц загварыг үзүүлсэн нь дэлгэцэн дороо хурууны хээ уншигчийг нууцалж, харин нүүрний камерыг утасны дээд ирмэгээс сунгагдаж гардгаар хийсэн байв.

Ирмэгээс ирмэг хүртэл дэлгэцтэй, бусад бүх төхөөрөмж нь ямар нэг аргаар дэлгэцтэй зай булаалдахгүй байхаар зохион бүтээхийн төлөө гар утасны үйлдвэрлэгчид ийнхүү өрсөлдөж байна.

 Эх сурвалж: TheNextWeb

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү