Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс өчигдөр оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа 47 иргэнд бизнес уулзалт, аялалыг зохион байгуулав.
Бизнес уулзалтанд ‘’Монгол Бид Үйлдвэрлэв” ТББ-ийн тэргүүн, Exclusive Mongolian Brand-ийн захирал Г.Майцэцэг идэвхжүүлэх сургалт хийж, 8 үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар болсон юм. Мөн оёдлын үйлдвэрлэл эрхлэгч иргэд "Төмөр трейд" ХХК-ийн үйлдвэрийн байртай танилцсан.
Тус компани нь нийтдээ өндөр мэргэшсэн 210 ажилтан, албан хаагчтай, сүүлийн үеийн технологиор програмчлагдсан 3D скайнер, үлгэрийн програмчлал Cad, даавуун дээр хэвлэгч машин, хэрээс, канза, товч хадагч, хөнгөн оёдлын нийтдээ 40-өөд тоног төхөөрөмжтэй томоохон үйлдвэр аж. Энэ үеэр Төв аймагт байрлах үйлдвэрийн ерөнхий инженер Д.Эрдэнэцэцэг “Үйлдвэрлэл амжилттай эрхлэхэд тоног төхөөрөмж, мэргэшсэн тогтвортой боловсон хүчин маш чухал.” гэдгийг онцолж байв.