УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүсэлт танилцуулжээ. Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрийг судалсан байна.
Тус шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулжээ.