Маргааш “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр” тохионо


7 жил

Эрүүл мэндийн ажилтан гарын ариун цэвэр сахих нь эмнэлгийн ажилтан болон үйлчлүүлэгч тэдний гэр бүл эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм.

Дэлхийн аль ч улс оронд хөгжлийн түвшингээс үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтын гол шалтгааны нэг болж, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадварыг бууруулах, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлд хүргэх, амь насанд аюул учруулахаас гадна эмнэлгийн дундаж ор хоногийг уртасгадаг, эмчилгээ үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь дэлхий нийтэд элбэг тохиолдож байгаа бөгөөд мөч бүрт 1,4 сая хүн халдварт өртөж байна. Өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн ажилтны гар хоруу чанар бүхий нянгаар халдварлагдан, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөнд, түүний нэг эрхтэнээс нөгөө эрхтэнд, халдварлагдсан орчноос өвчтөнд халдвар дамжуулагч гол зам болдог.ДЭМБ-аас гаргасан судалгаагаар яаралтай тусламж үзүүлж байх явцад цаг алдалгүй ажиллах шаардлагатай, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан 10 орчим хувьд нь л  гарын ариун цэврийг сахидаг байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхэд  гарын ариун цэвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд ДЭМБ-аас 5 дугаар сарын 5-ны өдрийг “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас сэргийлэх нь Таны Гарт”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Эрүүл мэндийн ажилтны гарын ариун цэврийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Үүнд:

2014 онд ЭМА-ны гар угаах, халдваргүйжүүлэх зааврыг ЭМС-ын тушаалаар батлуулсан.
Гар угаах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх зааврыг 2017 онд А/169 тушаалаар батлуулсан.
Жил бүрийн 5 сарын 5 өдрийг эрүүл мэндийн байгууллагууд  тэмдэглэн өнгөрүүлдэг.
Жил бүр эрүүл мэндийн байгууллагуудын гарын ариун цэвэр сахилтын байдалд үнэлгээ хийж байгаа хэдий ч  гарын ариун цэвэр сахилт хангалттай биш байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуйг сахих дадал, хандлагыг сайжруулахын тулд  тасралтгүй сургалт зохион байгуулах; дотоодын хяналт, үнэлгээ, тандалтыг үр дүнтэй хийх, эргэн мэдээллэх, ажиглалтын үнэлгээг тогтмол хийж хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, дарга, менежерүүдийн оролцоог нэмэгдүүлхийг  уриаллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү