БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


7 жил

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцааг нэг шат ахиулж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр тохиролцсоныг онцлов.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад БНСУ, тус улсын ард түмэн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд талархав. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсны хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд аль болох туслах, дэмжих, цаашид визгүй зорчдог  болох зэрэг чиглэлээр ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. 

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам онцгой анхаарч байгааг Элчин сайд У Сун тэмдэглэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал цаг үеэ олсон, олон асуудлаар тохиролцсон, харилцан ашигтай шийдвэр гаргасан үр дүнтэй айлчлал болсныг Элчин сайд хэлэв.

Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг нь сэргэж, үр дүн гарч байгааг тэмдэглэлээ. БНСУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах, энэ хүрээнд 10 аймагт дулааны станц барих ТЭЗҮ бэлэн болж энэ намраас барилгын ажил нь эхлэх гэж байгааг дурдав. БНСУ-ын Засгийн газар хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгааг уламжиллаа.

Талууд хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал болон бусад асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү