НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласнаас хойш 25 жилийг үджээ.
Дэлхий даяар энэ өдрийг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг хамгаалахыг уриалж ирсэн билээ. Монгол улс энэхүү түүхэн өдрийг 25 дахь жилдээ хамтдаа тэмдэглэх юм.
Энэ жил ЮНЕСКО-гоос “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, Шударга ёс, Хууль дээдлэх ёс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх уриа гаргаад байна. Тогтвортой хөгжлийн зорилго-2030 хөтөлбөр дэх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд энх тайван, шударга ёсыг тогтнуулах зорилтод хүрэхийн тулд үр нөлөөтэй, хариуцлагатай, ил тод тогтолцоог бүх шатанд хэрэгжүүлэхэд хэвлэлийн эрх чөлөө голлох үүрэгтэй хэмээн ЮНЕСКО онцолжээ.
Сэтгүүлч бидэнд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ус агаар мэт чухал билээ. Гэхдээ эрх чөлөөтэй ажиллахын утга нь хариуцлагатай, ёс зүйтэй, тэнцвэртэй, үнэн бодит мэдээ мэдээллээр иргэдийг хангахад чиглэж буй гэдгээ алхам тутамдаа санаж явууштай.
Eagle.mn сайт, Eagle News телевиз, Үндэстний Тойм сэтгүүл, Ардын эрх өдөр тутмын сонины хамт олны зүгээс мэргэжил нэгт нөхөддөө “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэж үзэг тань хурц, үг тань үнэн, мэлмий тань тунгалаг, оюун тань цэлмэг байхыг хүсэн ерөөе.