Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх хурал хараахан эхлээгүй байна. Уг хурал хоёр ч хуралдааны дараа болохоор цаг товлогдсон хэдий ч сэтгүүлчид аль хэдийн ирсэн байлаа.
Сангийн сайдаар асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд гаргасан.Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа.
Цагдан хорих хугацаа өнөөдрөөр дууссан С.Баярцогт, Б.Бямбасайхан нар шүүх хуралдаа цахимаар оролцох бололтой.
Харин Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсангийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна.