Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр (2017.04.23) Төрийн ордонд зохион байгуулж байна.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлаар анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.
Номын өдөрлөгийн нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүд, хамтран зохион байгуулагч ШУТИС, хамтран оролцогч ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын консерциум, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөл болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.