УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүдийн санаачлан өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийн агуулга нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг салгаж, Оюуны өмч, иновацийн ерөнхий газрыг нэмж байгуулах юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтэц бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэтэл УИХ-ын гишүүд нэг хуулийн төсөл санаачлаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв үү. Маргааш өөр нэг төсөл санаачлаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль санаачлах эрх бидэнд бүгдэд нь бий. Гэхдээ ямар асуудлаар хууль санаачлах ёстой вэ гэдгээ болох ёстой юм биш үү. Дээрээс нь Засгийн газар энэ төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж саналаа өгсөн юм байна" гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Засгийн газар бас ийм агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан. Ирэх долоо хоногт Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Н.Учрал гишүүн Засгийн газраас бүрт эрт санал авчихсан байсан юм байна" гэж ойлгосон гэв. Ц.Нямдорж гишүүн "Н.Учрал гишүүн иновацийн асуудлаар дэмжлэг авч чадахгүй болохоороо аргагүй эрхэнд хууль санаачилсан юм шиг байна лээ. Төсөлд нь түрүүчийн Засгийн газрын үед өгсөн санал юм шүү. Манай Засгийн газар бас ийм агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан. Хамтад нь хэлэлцэх боломжтой" гэв. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.