Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг. Энэ жил Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд орон даяар Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.Энэ хүрээнд БСШУСЯ, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний төв номын сан, Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан зэрэг ном, соёлын байгууллагууд нэгдсэн хөтөлбөр гаргажээ. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны 10.30 цагт Спортын төв ордны урд талбайд Дэлхийн номын өдрийн нээлтийн ёслол болох юм байна.
Уг арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэ-Очир, Дэлхийн утга зохиолын академийн хүндэт гишүүн, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай нарын хүндэт зочид оролцох ажээ. Энэ үеэр дээр дурдсан номын сангууд Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоотой хамтран номын үзэсгэлэн худалдаа, яармаг зохион байгуулахаар болжээ.