Багш нар ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаяна


8 жил

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос яг одоо мэдээлэл өгч байна. Тэд ирэх сарын 1-ний өдрөөс хугацаагүй ажил хаяж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх аж.

Өнөөдөр бидэнтэй адил Их, дээд сургууль төгссөн шүүгч нар гэхэд таван сая төгрөгийн цалин авч бид 500 мянган төгрөгийн цалин авч байна. Яагаад арав дахин бага байгаа юм бэ? Ядаж гурав дахин бага байг л дээ. 

Тэгвэл бидний хүсээд байгаа 1,6 сая төгрөгт хүрнэ шүү дээ, хэмээн хуралд оролцож буй Багш нарын цалин нэмэгдүүлэх хорооны гишүүн хэллээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав:

Юун түрүүнд 2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж манай улсын эдийн засагт байна гэдэг таатай мэдээг хүргэе. Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт 73,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарсан. Жишээлбэл татварын орлого 29,1 хувиар нэмэгдсэн байна.

Тэгэхээр Монгол улсын эдийн засаг сайжирч байна, тийм ч учраас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэж байна гэсэн үг. 

Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авч байна.

Энэ бол Монголын төрд мөнгө байна гэсэн үг. Гэхдээ ирээдүйг аврах, оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг нь хүргэж чадахгүй байна л гэсэн үг. Үүнээс болж боловсролын гажуудал гарсан.

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны бичиг хэрэг, нарийн бичгийн ажилтан н.Цэрэндолгор:

Бид Монголын үйлдвэрчний эвлэлтэй зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр багш нарын арыг хамгаалж, хууль эрхзүйгээр хамгаалах хүмүүс нь Монголын үйлдвэрчний эвлэл юм. 

Монголын багш нар хүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл төр биднийг болоод байна, бүтэж байна гэж хараад эцсийн дүндээ бид хохирч байна.

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул:

2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс цалин нэмэгдсэн юм шиг яриа нийгэмд гарсан байна. Гэтэл нэмэгдээгүй хасагдсан учраас бид өнөөдөр хариуцлагатайгаар хурал хийж байна.

Нөхцөл байдал ийм байхад биднээс хариуцлага нэхээд байдаг. Тэгвэл төрд гарсан хүмүүсээс бид хариуцлага нэхэн цаг нь болсон. Өнөөдөр багш нар нийгэмд муу хүүхэд бэлдэж гаргаагүй. Маш олон хүчин зүйлээс болж хүүхдийн хүмүүжил тодорхойлогдоно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү