УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм.
Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг авч нийт 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна.
Тус банкны Монгол дахь үйл ажиллагаа өнөөг хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол 2017 онд баталсан тус банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн болохыг С.Чинзориг сайд хэллээ.
Ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам. долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх аж.