Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайд түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан, мөн тэтгэвэрийн нас нь болсон гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг тэтгэвэртээ гарах болсон гэдгийг Ерөнхий сайдаас гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мөн хэлж байсан юм. УИХ-ын өнгөрсөн намын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх үед Д.Эрдэнэбат гишүүн "Улсын бүртгэлийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ улсын нэгдсэн бүртгэлийг өнөөдөр шинэ технологи ашиглаад, хэрхэн хийх вэ гэдэг нь чухал. Ажлын дэд хэсэгт технологи, цахим систем мэддэг залуучуудыг оруулаарай. Үнэндээ Р.Содхүү дарга бид хоёр үеэ өнгөрөөсөн. Монгол Улсын иргэний бүртгэлийг цоо шинэ хэлбэрээр ямар ч төрийн оролцоо байхгүй итгэлцэл дээр хийх боломж энэ хуулиар үүснэ гэдгийг хаа хаанаа бодож ажиллаарай" гэж байсан юм.
Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын дарга асан Р.Содхүү дараахь албан тушаалуудыг хашч байжээ.
1971-1973 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш
1977-1978 онд Сэлэнгэ аймгийн ХААУГ-т санхүүгийн байцаагч
1978-1982 онд Сэлэнгэ аймгийн Баян хараатын САА-д ерөнхий нягтлан бодогч
1982-1987 онд Сэлэнгэ аймгийн Орхон САА-д ерөнхий нягтлан бодогч
1990-1991 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын АДХГЗ-ны дарга
1991-1992 онд Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн дарга
1992-1994 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч дарга
1995-1996 онд Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
1996-2004 онд УИХ-ын гишүүн
2005-2011 онд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал
2011-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
2015 онд Үндэсний статистикийн хорооны дэд дарга
2015.онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн
2016 онд Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын дарга.