Автомашиныг долоо хоногт 2 удаа хязгаарлахаар иргэдээс санал авна


7 жил

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж авто замын ачаалал нэмэгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил зэрэг бүтээн байгуулалтыг ажлууд нэмэгдэж энэ зун авто замууд хаагдах учир дугаарын хязгаарлалтыг хэрхэн хийх, түгжрэлийг хэрхэн бууруулах асуудал яригдаж байна” гэлээ.

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна.

Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ.

Эдгээр саналуудыг иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх юм. Томоохон худалдааны төвүүдийн амрах хуваарийг шилжүүлж мягмар гаригт амардаг байсан бол баасан гаригт амрахаар зохицуулах юм. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү