Сүүлийн өдрүүдэд Facebook-тэй холбоотой олон асуудал урган гарч байна. Яг энэ үеэр хүмүүсийн дунд “BFF” гэж бичээд ногоон өнгөтэй байвал нууц үг нь нууцлал сайтай, өөр өнгөтэй бол нууцлал муу гэсэн мэдээлэл гарах болсон аж.
Тэр ч бүү хэл “Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг BFF хэмээх үгийг зохиожээ. Энэ үг нь таны хаяг аюулгүй байгаа эсэхийг илтгэх бөгөөд сэтгэгдэл хэсэгт BFF гэж бичиж үзээрэй. Хэрвээ ногоон өнгөөр гарч байвал аюулгүй, ногоон биш байвал нууц үгээ шууд солиорой” гэсэн тайлбартай нийтлэлүүд ихээр гарах болсон байна.
Гэвч энэхүү мэдээлэл нь зүгээр л хуурамч мэдээлэл бөгөөд Facebook-ийн “Баярын бичвэр” хэмээх горимыг ашиглаж, бусдыг төөрөгдүүлжээ. Түүнчлэн BFF гэдэг үг нь “Best Friends Forever” буюу Үргэлж сайн найзууд хэмээх үгийн товчлол юм.
Ингэж бичсэн тохиолдолд Facebook-ийн систем үгийг таньж, ногоон өнгөөр идэвхжүүлснээр дарсан тохиолдолд хоёр гар цохиж байгаа дүрс үүсдэг аж. Яг үүнтэй ижил Congrats, HDB гэх мэт үгс бас бий.
Мэдээж хэрэг зарим тохиолдолд хар өнгөөр гарах, “Баярын бичвэр” горим ажиллахгүй байх бөгөөд энэ нь таны Facebook аппликейшн эсвэл ашиглаж буй веб хөтөч шинэчлэгдээгүй байна гэсэн үг юм.