Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ор, тасагтай болж байна. 2017 оны арван нэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон байна.
Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.