Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба 2015 оны арваннэгдүгээр сард албан өрөөндөө бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Түүнд найз О.Даваасүрэн нь “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулгыг тендерт ялуулахын тулд их хэмжээний хахууль өгсөн юм. Энэ хэрэгт тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг ч холбогдсон юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг сая төгрөгийн хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорихоор шийтгэсэн билээ. Харин Г.Ганчимэгийг хахууль авсан буруутайд тооцож, төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг нэг жил хасаж, 19.2 сая төгрөгөөр торгох ял оноосон.
О.Даваасүрэн, Э.Гантулга нарыг хээл хахууль өгсөн буруутайд тооцож, О.Даваасүрэнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих, Э.Гантулгад нийтийн албан тушаалд томилогдох эрхийг дээрхтэй ижил хугацаагаар хасан, 14 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Улсын Дээд шүүх энэ хэргийг өнгөрсөн баасан гаригт шүүгдэгчдийн гомдлын дагуу хянаад шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, түүнд оноосон ялыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, дөрвөн жил зургаан сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгчид ногдуулсан ялыг хэвээр үлдээв.