Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймагт ажиллалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймагт ажиллалаа


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амралтын өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн очиж иргэдтэй уулзжээ.

Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагсан хүндэтгэл үзүүлсэн байна. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцжээ.

2017 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч байгаа бөгөөд, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2016 онд 36.1 мянга байсан бол 2017 онд 78 мянга гаруй болсон байна. Харин гадаад жуулчдын тоо өнгөрсөн онд 11.4 мянгад хүрчээ. Аялал жуулчлал нь Хөвсгөл аймгийн эдийн засаг болоод аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг иргэдэд санхүүгийн томоохон хөшүүрэг болж ирсэн байгаа аж.

Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн байдал орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцсоны дараа Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд иргэдтэй уулзжээ. Орон нутгийн иргэдийн голчлон ярьж байгаа асуудал нь бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, өрхийн орлого, цалин хүрэлцэхгүй байгаа талаархи нийтлэг асуудал байв. Мөн оффшор данстай холбоотой асуулт асууж, Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, ярилцсаны дараа Мөрөн хотын захаар орж, Сар шинийн худалдаа, иргэдийн худалдан авах чадвар, ахуй байдалтай танилцсан байна. Төрийн тэргүүн өнөөдөр Булган аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж ярилцаж байна.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү